Imagination is the highest form of research. Albert Einstein

Einstein: Шинжлэх ухаан бол...

"Чи бидэн шиг хүмүүс хэдий бусад шиг амьдардаг ч хэчнээн урт наслаад ч хөгшрөхгүй нь. Онож төрсөн энэ хувь заяаныхаа их нууцын өмнө бид хэзээд сониуч хүүхэд шиг л байна"

/63 насныхаа ойгоор Эйнштейний найз Отто Юлиусбургертаа бичсэн захидлаас.../

Орчин цагийн физикийн ухааны эцэг гэх алдар зөвхөн Альберт Эйнштейнд (1879-1955) хамаарна. Тэрбээр онолын их физикч төдийгүй цаг үеийнхээ их сэтгэгч, төр, нийгмийн зүтгэлтэн байсныг дурдууштай. Түүний үзэл баримтлал, санал, таамаглал шинжлэх ухааны өөр олон салбарт үлдэж, нөлөөлсөн. Эйнштейн таалал төгсөөд бүтэн жаран улирсан ч бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй сэтгэгчийн нэг хэмээх байр суурь нь хэзээ ч ганхахааргүйгээр батжижээ.

Шинжлэх ухааны ертөнцөөс зөвхөн түүний үгийг л үе үеийн сэхээтнүүд хамгийн их иш татдаг. Хэлээ гаргасан алдарт зургаас нь дутахааргүй түгсэн Эйнштейний ёжтой, ончтой үгс хэзээд шинэхнээрээ байдаг. Суутны онч үгийг 30 гаруй жил цуглуулсан Принстоны их сургуулийн судлаач Алис Калапрайс энэ сарын 18-нд "Эйнштейнээс иш татах нь" хэмээх ном" хэвлүүлжээ.

Харьцангуйн онолын эцгийн 1600 орчим онч үгийг багтаасан эл ном 600 гаруй нүүртэй бөгөөд нэг хүний үгийг дангаар Нь эмхтгэсэн афоризмын анхны цогц бүтээл юм. Номонд багтсан их эрдэмтний 1955 онд Принстоны их сургуулийн сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

(Уншигчдад зөвлөхөд:
-Эйнштейний зарим үзэл нас ахихынх нь хэрээр өөрчлөгдсөн
-Тухайн цагийн нөхцөл байдлаас шалтгаалан зориуд ёжтой, тэрслүү үг хэлдэг байсан
-Шинжлэх ухааныг физикчийн нүдээр харсныг нь энд түлхүү тусгасан зэргийг анхаарна уу)

-Физикийг мэргэжил болгосон хүний хувьд Та шинжлэх ухааныг хэрхэн тодорхойлох вэ?
-Бидний мэдрэхүй, үзэж харсан зүйлсийн хариу болж үүссэн олон төрөлт шинжтэй их эмх цэгцгүйг оюун санааны логик хэлбэрт оруулахыг шинжлэх ухаан гэнэ. Ийм системд хүний үзэл баримтлал, туршлага онолын бүтэц, зохион байгуулалтад захирагдах ёстой. Гэхдээ мөнөөх онол мөн л хүний бүтээл гэдгийг байнга санах нь чухал. Шинжлэх ухаан гэдэг таамаглалын ухаан. Хэзээ ч дуусашгүй асуулт, эргэлзээгээр дүүрэн.

-Шинжлэх ухаанч болъё гэсэн бодолтой залууст юу зөвлөх вэ?
-Шинжлэх ухаанд амжилт гаргах магадлал тун бага. Төрөлхийн, онцгой авъяастай хүмүүст ч энэ хамаатай. Энэ салбарт ажиллахыг хүсэгчдэд зогсолтгүй хөдөлмөрлөхийг л зөвлөх байна. Тэгвэл авьяасын тэнгэр ивээгээгүй байсан ч зорьсондоо хүрэх боломж бий. Гэхдээ хийж бүтээж чадахаасаа илүү их зүйлд зорь. Харин түүндээ хүрч чадах үгүйг гагцхүү зөн билэг л мэднэ.

-Эрдэмтэн, судлаачдын амьдрал ахуй хүндхэн байдаг шиг санагддаг.
-Шинжлэх ухааныг ахуй амьдрал хөдөлгөгч гэж үзэхгүй бол хэчнээн гайхамшигтай зүйл болохыг нь ойлгоно. Цаашид боломжтой хэмээн бүрэн итгэлтэй байгаа зүйлээрээ л хүн амьдралаа залгуулах ёстой. Хэн нэгэнд өртэй мэт ажиллаагүй цагт л шинжлэн судлах, танин мэдэхийн жаргалыг мэдэрч болно.

-Тэгэхээр шинжлэх ухаанд хүчин зүтгэсний дүнд сэтгэл хөдлөм юу ч юм мэдрэгдэх нь, тийм үү?
-Тэр сэтгэл хөдлөм зүйл нь үнэндээ их ажлын үр дүн биш юм. Харин бүтээлч ажил хийх явцад юмсын учир шалтгааныг олох гэсэн тэмцэл, шаналал, хүчин чармайлт л хамгийн амттай байдаг. Хаа нэгтээ байгаа тогтонги, цэвэр мэдлэгийн төлөөх улайрал л шинжлэх ухааны хөгжлийг хөдөлгөгч гол хүч гэдэгт би бат итгэсээр ирсэн.

-Гэхдээ шинэ мэдлэг, өөрөөр хэлбэл нээлт л шинжлэх ухааныг залж байгаа бус уу?
-Нээлт гэдэг үг өөрөө их эмгэнэлтэй юм. Нээлт гэгддэг олон зүйлийн дийлэнх нь хэдийн бий болчихсон, бага ч атугай танил болсон зүйл байдаг. Тиймээс мартагдаж, алдсан зүйлийг олно гэдэг үнэндээ нээлт биш юм.

-Эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх багш ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Мэдлэгтэй шавь нараа ойлгох сэтгэлтэй байх нь ихэнх хүний боддог шиг багш хүний гол үнэт чанар биш юм. Харин өөрөө зогсолтгүй эрэлхийлж, суралцах л багшийн шавь нартаа барих хамгийн том бэлэг болно. Тийм байж л багш шавийнхаа бүтээлч сэдлийг сэрээж чадна. Гэвч ихэнх багш шавь нараа чухам юу мэдэхгүй байна вэ гэдгийг шалгах гэж хамаг цагаа бардаг нь харамсалтай.

-Боловсрох явцад шалгалт хэр үр дүнтэй вэ?
-Би шалгалт шүүлгийг эсэргүүцдэг хүн. Шалгалт хүнийг сурах хүсэлгүй болгодог. Коллеж, их сургуульд оюутныг 1-2 удаа л шалгадаг байх хэрэгтэй. Минийхээр илүү олон семинар, лекц зохион байгуулж, хэн идэвхтэй оролцсонд нь диплом олгодог байх хэрэгтэй.

-Шинжлэх ухаан урлагтай холбоотой гэж Та үздэг.
-Техникийн мэдлэг, чадвар эзэмшсэн хэн ч шинжлэх ухаан, урлаг хоёр мэдрэхүйн нэгдэл гэдгийг ухаардаг. Хамгийн агуу эрдэмтэд үнэн хэрэгтээ олон талт мэдлэгтэй уран бүтээлч юм.

-Хүн төрөлхтний шинжлэх ухааны мэдлэг одоо ямар төвшинд байна вэ?
-Шинжлэх ухааны салбарт ажилласан энэ олон жилийн эцэст би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Энэ нь бидний шинжлэх ухаан гэж нэрлэдэг бүхэн бодит байдалтай харьцуулахад үнэндээ тун болхи, хүүхдэрхүү зүйл юм. Гэвч энэ нь одоогоор бидэнд байгаа хамгийн үнэт өв.

Г.Лхагва