Imagination is the highest form of research. Albert Einstein

Robocon 2011 тэмцээн болж ШУТИС амжилттай оролцлоо

Монголын үндэсний телевизээс жил бүр зохион байгуулдаг үндэсний авaрга шалгаруулах “Робокон 2011” тэмцээн 2011 оны зургадугаар сарын 19-нд “Тэмүүжин” спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилээс БСШУ-ны сайдын ивээл дор зохион байгуулагдах болсон “Робокон-2011” тэмцээнд ШУТИС-иас 10 баг, МУИС-иас дөрвөн баг, ХААИС-иас нэг баг тус тус оролцуулан өрсөлдсөнөөс эхний дөрвөн байрт:
“Гранд при” буюу тэргүүн байрт ШУТИС-Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Telecom Mongolia” баг
Нэгдүгээр байрт ШУТИС-Механик инженерийн сургуулийн “Skymasters 2” баг
Хоёрдугаар байрт ШУТИС-Компьютер техник менежментийн сургуулийн “Mobinet” баг
Гуравдугаар байрт ШУТИС-Механик инженерийн сургуулийн “Skymasters 1” баг тус тус байр эзэлсэн байна.

Энэ жилийн тэмцээний дүрэм нь Тайландын үндэсний цэцгийн баяраас сэдэвлэсэн бөгөөд гурван минутын хугацаанд цэцгийг угсарч, чимэглэх, усны мандал дээр хөвүүлэх, лааг асаах зэрэг үйлдлийг хийж дуусгаж бүрэн хожил хийхэд нилээд хэцүү, хүнд даалгавартай байсан бөгөөд энэхүү хүнд даалагаварыг ердөө ганц л баг (ШУТИС-МХТС) аваргын төлөөх тоглолтод бүрэн биелүүлж цэвэр хожиж чадсан юм. Тус сургууль нь 2002 онд анх удаагаа зохион байгуулагдсан Монголын Робокон тэмцээнд орж байсан анхдагчуудын нэг бөгөөд жил бүр амжилттай оролцож 2006, 2011 онд тэргүүн байр, дөрвөн удаа 2-р байр, хоёр удаа 3,4-р байр эзэлж байснаас гадна Монголын робокон тэмцээний анхны цэвэр хожлыг 2004 онд тус сургуулийн “ELBA” баг хийж байсан түүхтэй юм байна.

Энэ жилийн Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй орон оролцдог “Робокон” тэмцээн 2011 оны наймдугаар сарын 28-нд Тайланд улсын Бангкок хотод болно. Тус тэмцээнд ШУТИС-Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Telecom Mongolia” баг Монгол улсаа төлөөлөн оролцно.


Тэдэнд олон улсын тэмцээнд оролцож тэргүүн байр эзлэж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөхийг хүсье!

Монгол инженерчлэл дэлхийд танигдаг.