2011 оны 11-р сарын 09-ны өдөр Оросын холбооны улсын сансар судлалын төвийнхөн Казакстан улсын сансарын Байконур буудлаас Phobos-Grunt тандан судлалгааны төхөөрөмж хөөргөсөн билээ. Phobos-Grunt жолоочгүй автомат тандан судалгааны төхөөрөмж нь Марс гарагын хоёр сарны нэг болох Phobes саран дээр газардан түүний хөрснөөс (Grunt=Грунт=Хөрс) дээж аван эх дэлхийдээ эргэн ирэх даалгавартай байсан юм. Тодорхойгүй хэлбэр дүрстэй Phobes сар нь манай нарны аймгийн нууцлагдмал сарнуудын нэг бөгөөд улаан нүдэн гарагын тойрог замаас ердөө 10,000 км-ын зайд оршдог. Тандан судлах Phobos-Grunt төхөөрөмжийн ачаар бид улаан нүдэн гараг болон түүний сарны төлөв байдал бүтцийг нарийн мэдэж авч болох юм. Зөвлөлт холбоот улсын үед буюу 1980 онд Улаан нүдэн гараг руу тандан судлах төхөөрөмж илгээсэн боловч түүний тойрог замд орсны дараа холбоо тасарсан билээ. Улмаар Зөвлөлт холбоот улс задарсаны дараа буюу 1996 онд дахин нэг тандан судлах төхөөрөмж илгээх оролдлого бүтэлгүйтэж дэлбэрсэн бөгөөд төхөөрөмжийн плутонитой түлшний сав Номхон далай болон Чили улсын хооронд хаа нэгтэй газардсан билээ. Төлөвлөсөн ёсоор Phobos-Grunt төхөөрөмжийн даалгавар амжилттай байвал 2012 онд зорилтот газраа хүрч 2014 онд эх дэлхийдээ эргэн ирэх байлаа. Харамсалтай нь Phobos-Grunt төхөөрөмж эх дэлхийн тойрог замыг дөнгөж нэвтрэн гарах тэр агшинд хөдөлгүүрийн гал авалцуурт асуудал үүсэн ажиллаж чадсангүй. Төслийн удирдагч хэвлэлийнхэнд “Энэ бол стандарт бус нөхцөл байдал” хэмээн хэлсэн юм. Зөвлөлт холбоот улсын үеэс буюу тодруулбал 1960-аад оноос хойшхи Оросуудын Ангараг гарагийг тандан судлах 16 дахь удаагын оролдлого бүтэлгүйтсэн юм. Одоогийн байдлаар РосКосмосын инженерүүд Phobos-Grunt төхөөрөмжтэй дахин холбоо барих мөн дахин программчлах оролдлого хийсээр байгаа юм. Уг төсөлд нийт 65 сая доллар зарцуулаад байсан билээ. Нислэг эхлэхийн өмнөхөн Новости Космонавты сэтгүүлийн эрхлэгч Игорь Лисов France-Presse товчоонд өгсөн ярилцлагандаа “Phobos-Grunt төсөл нь Зөвлөлт холбоот улс задран унасан 1990 оноос хойшхи бидний гүйцэтгэх гэж буй том хэмжээний төсөл бөгөөд хэрэвээ амжилттай болбол манай сансар судлалын хөтөлбөрийн эрдэмтэд, инженер зохион бүтээгчдэд асар их сэтгэл санааны дэмжлэг болно. Бид Зөвлөлт холбоот улс задарсанаас хойш ялалтын амт гээчийг мартсан байна. ” хэмээн өгүүлсэн боловч харамсалтай нь дахиад бүтэлгүйтлээ.