Imagination is the highest form of research. Albert Einstein

Аялалын тэмдэглэл: Манж Чин улсын банк санхүүгийн төв Пиняао хот

Дундад иргэн улсын баруун урд зүгт орших шовх сүрлэг Тайхан (太行山 Taihang Shan) уулсын цаах нь цэлгэр талд орших Мин болон Манж Чин гүрний үед хамаарагдах Пиняао (平遥) хотыг зорин очсон тэмдэглэлээ эхлэх гэж багагүй мунгинаж суулаа. Молхи би бээр сүүлийн үед өөртөө ширүүхэн шүүмжлэлтэй хандах нэгэн зүйл нь өчүүхэн "бичих чадвар"-аа алдчихсан бололтой. Гадаад далайг гаталж галуу шувууны мах барагтай идэж үзээгүй ч гэлээ цаашдаа олон газраар хэрэн хэсүүчилж өөрийн харсанаа түмэнд дуулгах үйлсэд шамдан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэн оршилоо өндөрлөж ахархан аялалын тэмдэглэлээ эхэлье ээ. 
Бээжин хотоос нарны эртэд Шанши (山西 ShanXi) мужийн Пиняао (平遥县 Pingyao Xian) сум, хошуу уруу хөлгийн жолоог залан одвой. Бээжин хотын томыг ч хэлэх үү явах газрын холыг ч хэлэх үү хэсэг дуг хийгээд сэртэл суурин иргэдийн хэвшмэл шинж, аж байдал нүдний өмнө жирэлзэнэ. Тариачид, тариан талбай тэдний амьдран суудаг сихөюань (四合院 Siheyuan) гэгдэх дөрвөн талт хашаатай байшингууд үзэгдэнэ. Бээжин хотоос Пиняао хот хүртэл барагцаалбал 700 гаран км явах ба зам зуур Шанши мужийн төв Тайюуан (太原市) хотоор дайран өнгөрнө. Зам зуур Хятадын үсрэнгүй хөгжлийг илтгэх үйлдвэржсэн жижиг хот суурин элбэг тааралдана. Хөбэй (河北 Hebei) болон Шанши мужуудыг зааглах Тайхан уулс үзэгдэж эхлэхэд тэнгэр нь цэлмэг нар ээгээд олон хоног Бээжингийн бүгчим бүүдгэр тэнгэрийн дор байсан хүнд гүн сэтгэгдэл төрүүлнэ. 
Тайхан уулс
Энэхүү уулсыг гэтэлгэх замын ихэнх хэсэг гүүрэн зам байх ба байгалийн өвөрмөц тогтоцтой уулсын хаяагаар уулс сүвлэн байгуулжээ. 
Тайхан уулсыг гэтэлгэх гүүрэн зам
Замдаа хэд хэдэн газарт саатсан учир 12 цагийн хүндхэн аялалын эцэст Пиняао хотод шөнийн 21 цагийн орчим ирлээ. Хөдөө холын замд үүн шиг ядарч туйлдаж явж байсангүй. Нэгэн хэвийн уйтгартай чанартай (хурдны зам) замаар хол замд явна гэдэг бидэн шиг хөдөөний бартаат замд үрүүлээ (руль) огцом эргүүлж донсолгоонд холбирч ядаг мань мэтэд бардаггүй давааны нэг юм билээ. Пиняао хот нь үндсэндээ Хан улсын үед үүссэн гэж хөтөч тайлбарласан бөгөөд Мин болон Манж Чин гүрний засаглалын үеийг дамжин өдгөөг хүрсэн хуучны хамгаалалтын хэрмэн бүтэцтэй хот юм. Хэрэм хотын одоогийн өнгө төрх бүтээн байгуулалтыг Мин (大明) улсын засаглалын III онд Мин Тайзу (明太祖 Ming Taizu) хааны зарлигаар байгуулсан гэж ойлгосон. Юнеско 1997 онд Дэлхийн соёлын өвд бүртгэн авсан уг хотын хэрэм нийт 6 хаалгатай, 12 метр өндөр, нийт 6 км орчим урттай, харуулын 70 гаран цамхагтай аж. 
Хотод нэвтрэх гол хаалга гэж ойлгосон. Бодвол хяналт шалгалт татвар авдаг цэг байсан байх
Жуулчдын хөлөглөх унаа "галзуу хулгана". Нэлээн ширүүн давхидаг юм билээ. Гэрлэн дохио, явган хүний гарц гэх мэт зүйлгүй эртний хотын нарийн гудамжинд дууд дохиог гамгүй ашигладаг юм билээ.
Пиняао хотын хойд хаалга
Хотын хэрэм зарим хэсгээрээ хуучирч элэгдсэн боловч засварлан шинэчилж байгаа юм гэсэн

Дуу дуулангаа арилжаагаа хийж буй нутгын өвгөн
Дээр үед манайхаар Энхтайваны өргөн чөлөө байсан юм гэнэ. Манж түшмэл хаашаа ч юм ирж буцдаг байсан гудамж. Жуулчдад зориулж цагийн хуваарийн дагуу явдаг бололтой. 

Арилжааны гудамж

Шилэн чимэглэлийн урлаач
Ltalian style ice cream :)
Зочид буудлаасаа "галзуу хулганаа" хөлөглөөд Пиняао хотын хуучин тамгын газар луу нь хөдөлсөн юм. Тамгын газар гэж нэрлэх нь зөв үү? буруу юу? мэдэхгүй юм. Мэдээж одоогийн нутгийн захиргааны ордон биш бөгөөд жуулчдын хэтэвч хөнгөлөх зориулалттай музей билээ. Манж Чин гүрний үеийн захиргааны өргөө нь албан хэрэг хөтлөх, агуулах, бичгийн өргөө, шүүх цаазын танхим тэр ч байтугай шорон нь хүртэл цугтаа дээр дурьдсанчлан (сихөюань 四合院 Siheyuan) Хятад маягийн уламжлалт дөрвөн талт хашаанд байрлах аж. 
Тамгын газар

Шоронд нь олон төрлийн залхаан цээрлүүлэх зориулалттай, буруутныг зугатаалгахгүй байх зориулалттай олон хэрэгсэл байна билээ

Тухайн үеийн хууль зөрчигчийн хоригдох байр

Буруутныг шүүх танхимын Манж түшмэлийн ширээ. Ширээн дээрх улаан өнгийн үзүүртэй модыг буруутан луу шидвэл өчиггүй толгойг нь авах, өөр өнгөтэй модыг шидвэл банздахаас өгсүүлээд ял шийтгэл оноодог байж. 
Пиняао хотын алдартай болох ганц онцлог бол орчин цагийн Хятадын банк санхүүгийн системийн эх сурвалж энэ хотод үүссэнтэй холбож ойлгож болохоор санагдсан. Манж Чин гүрний эдийн засгийн төв хот бөгөөд мөнгөний гүйлгээний (мөнгөн енбүү) 50 хувийг хянаж байсан. Энд 1823 оны үед Манж Чин гүрэн анхны чек (票号 Piaohao) ашиглаж мөнгөн гуйвуулга, орлого зарлага гэх мэт орчин үеийн банкний үйл ажиллагааг хийдэг байсан байна. 1824 оноос эхлэн мужийн төв хот Тайюуанаас эхлээд Бээжин, Шанхай гэх мэт томоохон хотуудад салбараа нээн ажиллуулж улс орон даяар тархан байрласан ба Манж гүрэн мөхөж Их Британы банк орж ирэх хүртэл энэхүү байгууллага улсын мөнгөний гүйлгээг хянадаг байжээ. Нэгэн баян эрхэм 36 мянган унц тариа буудайгаар хөрөнгө оруулалт хийн нэгэн банк байгуулж байж. 
Ахлах нягтлан бодогч

Нэгэн банк музей болсонтой нь танилцав

Бэлэг дурсгал алтан енбүү
Ерөнхийдөө бол хэрэм дотроо хуучны барилга ихтэй хот байна билээ. Мэдээж хэрэг хүн амын өсөлт орчин үежсэн хэсэг нь хэрмийн гадна талдаа. За ингээд хамт байсан та бүхэндээ баярлалаа баяртай.