Imagination is the highest form of research. Albert Einstein

“RoboCup Mongolia 2010” тэмцээн болно

Монголын робот сонирхогчдын холбоо, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Hightech” клубээс хамтран анхдугаар “RoboCup Mongolia 2010” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Оюутан залуус, нийгмийн бүхий л салбарт ажиллаж буй инженерүүд, өсвөр үеийнхэн, шинэ техник, технологи сонирхогчид, үзэгчдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээх ур чадварыг сайжруулах, тэдний техник, технологийн сэтгэлгээнд шинэ уур амьсгалыг авчрах, шинэлэг санаа, шилдэг шийдэл бүхий бүтээлийг шалгаруулан алдаршуулах зорилготой тус тэмцээн ирэх зургадугаар сарын 5,6-ны өдрүүдэд “Мишээл” экспо төвд болох бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутан залуус, инженерүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдах юм. Тэмцээний хоёр ангилал тус бүр гурван төрлөөр зохиогдох ба тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гар удирдлагатай хөлбөмбөг /1vs1/, гар удирдлагатай сумо болон автомат удирдлагатай шугам дагадаг роботын төрлөөр, харин оюутан залуус, инженер, робот сонирхогчид хөлбөмбөг /1vs1/, сумо, шугам дагадаг роботын төрлөөр, онцлог нь бүгд автомат удирдлагатай байх ажээ.
Нийт 9.6 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний бүртгэл тавдугаар сарын 1-нийг дуустал цахим хэлбэрээр явагдах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.robocup.mn сайтаас үзнэ үү.