Imagination is the highest form of research. Albert Einstein

Аялалын тэмдэглэл: Хүннү гүрний үеийн язгууртаны булштай танилцлаа

Одоогоос 2000 гаруй жилийн тэртээ ид хүчирхэгжин мандаж байсан нүүдэлчдийн Хүннү гүрний үеийн язгууртны булшийг манай Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Солонгос улсын үндэсний музейн судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ, малталтын ажил хийж байхтай нь Д.Үлэмж миний бие эх орны үзэсгэлэнт байгальтай танилцан аялан явахдаа тааралдлаа. Хэсэгхэн зуурт өвөг дээдсийнхээ талийгаачийг хөдөөлүүлэх ёс заншил, талийгчийн цогцос эд агуурсыг тонуулчдад алдахгүй байх арга, Хүннү гүрний үеийн соёл заншилтай танилцан хөөрөлдөж бахархах сэтгэл төрснийг нуух юун. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын баруун урд талд орших Дуурлиг нарсан шугуйд орших 300 гаруй Хүннүгийн үеийн булш, хэрэгс үүрийг улсын хамгаалалтад авсан байдаг юм байна. Дуурлиг нарсны ойролцоо байрлах 300 гаруй Хүннүгийн үеийн булшнуудыг анх 1974 онд эрдэмтэн судлаач Хорлоогийн Пэрлээ тэргүүтэй хүмүүс нээн илрүүлж байсан түүхтэй. Улмаар 1992 онд Монгол Японы эрдэмтэд өргөн хэмжээний нарийвчилсан судалгаа хийж улсын бүртгэлд бүртгэсэн юм байна. Бидний очсон булшны малталтын ажлыг 2006 оноос эхлэн Монгол Солонгосын эрдэмтэд гүйцэтгэж байгаа бөгөөд чулуун үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн булшинд малталт хийж байгаа ба одоогоор малталт 15 метрийн гүнд явагдаж байна билээ. Судалгааны ажлын үр дүнгээр одоогийн байдлаар булшинд нэлээн дөхсөн хэмээн эрдэмтэд үзэж байгаа бөгөөд 17-18 метр орчим малталт хийж үндсэн булшинд хүрэх юм гэнэ. Тэр үеийн булшнуудын онцлог нь талийгчийг нутаглуулсан хэсэгтээ чулуун хүрээ үүсгэн үүдэвч хэсэгт нь хоёр чулуу босгож тавьсан байдаг гэнэ.

Малталт хийж буй хоёр залуугийн хоёр талд нь үүдэвч
тэмдэглэсэн чулуу харагдаж байна.

Малталт хийсэн эхний жил тухайн булшны дээр байрлах нарс моддыг зайлуулан бэлтгэл ажлаа хийсэн бол дараагийн жилээс нь өнгөн хөрсийг хуулах ажил эхэлсэн. Малталтын явцад талийгчийн дээд хөрс нь хэд хэдэн давхаргаас бүрдэж байгаа харагдаж байсан. Элс, чулуу, элс гэх мэт үеүд яваад доод хэсэгтээ шатаасан их хэмжээний модны зомгол байна билээ.
Биднийг очихоос хэд хоногийн өмнө тэрэгний дугуй малтан гаргаж ирэх гэсэн боловч модон хэсэг нь юу ч үгүй бутран үйрч зөвхөн төмөр арал нь үлдсэн гэж байна лээ.

Тухайн үед булшны тонуулч дээрэмчид мундахгүй их байсны сацуу орчин цагт ч эд агуурс горилогчид сувдаг сэтгэлтүүд ойр орчмын жижиг том булшнуудыг ухаж төнхөн судалгааны ажлын цар хүрээ ач холбогдлыг буруулж байна хэмээн гомдоцгоож байгааг сонсоод их л дургүй хүрч билээ. Дуурлиг нарсны ойролцоо Хүннү гүрэн хэмээх музейн шав тавих ёслол болж өнгөрөн удахгүй нээгдэх гэж байгаа хэмээн нутгийн иргэд хуучилж байсан юм. Тухайн судалгааг хийж буй эрдэмтэд Хүннү гүрэн байгуулагдсаны түүхт энэ ойгоороо энэхүү судалгааны ажлаа бүрэн дуусгана гэдгээ хэлж бидний цаашдын аян замд ерөөл тавин үдэж өгсөн юм. Монгол Солонгосын хамтарсан судалгааны багийнханд цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь амжилт хүсье.