+976 ulemj@ulemj.com

ШУТИС-ийн туг Антарктидын тэнгэрт мандав

Түгээх

ШУТИС-ийн профессор Л.Дүгэржав дөрвөн тив, таван далай гатлан ертөнцийн нөгөө туйлд очоод саяхан иржээ. Антарктидад судалгааны ажил хийхээр ирэх очих 50 мянган км зам туулсан энэ урт аялал түүний хувьд анхных нь биш. Өмнө нь тэрбээр гурван ч удаа тус тивийг зорьсон. Энэ удаа Л.Дүгэржав багш Болгарын Антарктид судлалын 20 дугаар эксдедицийн бүрэлдэхүүнд орж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд Антарктидын Ливингстоны арал дахь Болгарын бааз дээр судалгаа хийжээ. Судалгааны ажлынхаа үр дүнд тэрбээр тус арлын зарим хэсэгт 1:5000 масштабын геологийн дөрвөн лист зургийг эцсийн хувилбараар дуусгаж, тоон хэлбэрээр бэлтгэж хэвлүүлэхэд бэлэн болжээ.

Мөн Антарктидын глобал цаг уурын өөрчлөлтийг судлах Европын холбооны төслийн хүрээнд цэвдгийн хэмийн өөрчлөлтийг хэмжих цооногуудын материалыг нэгтгэх ажилд оролцжээ. Ингэснээр Монгол орны цэвдгийн өөрчлөлт ба глобал цаг уурын өөрчлөлт сэдэвт суурь судалгааны ажлыг эхлүүлэх бэлтгэл хангасан байна. Тэрбээр өчигдөр явсан ажлынхаа талаар ШУТИС-ийн удирдлага, багш нарт тайлагнаж, Антарктидад мандуулж байсан сургуулийнхаа тугийг ректор Б.Дамдинсүрэнд гардуулсан.

Энэ удаагийн аяллын өмнөхөөс ялгаатай нэг зүйл нь “Бодь” даатгал” компанид 75 мянган доллараар амь насаа даатгуулсан гэнэ.

Энэ зардлыг нь тус компани ивээн тэтгэсэн бөгөөд эрсдэлтэй холын замд ийм даатгал хийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг аж. Түүнээс гадна Антарктид явах бүх зардлаа профессор Л.Дүгэржав өөрөө хөөцөлдөж олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүжүүлсэн байна. Тэрбээр өмнөд туйлаас авчирсан дөрвөн төрлийн ургамлын дээжийг сургуулийнхаа музейд хүлээлгэн өгсөн юм. Антарктидын цорын ганц цэцэгт ургамал, хаг өвсийг тэр бидэнд сонирхуулсан. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.

-Зорьсон ажил бүтэмжтэй, сайн яваад ирэв үү? Антарктидад хэд хоносон бэ?

-Антарктид судлалын 20 дугаар экспедицийг энэ жил Болгар улс зохион байгуулсан. Энэ экспедицийн бүрэлдэхүүнд 10 гаруй орны судлаач оролцсоны нэг нь би. Тэнд 20 гаруй хонолоо. Ирж очих замд явснаа тооцвол хоёр сар болж ирлээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн судалгааны хүрээнд цэвдгийн температурын өөрчлөлтийг судалж, геологийн зураглал хийлээ.

-Тэнд хүйтэн байна уу гэж асуух илүүц байх, хэдэн хэм байв?

-Антарктид тивийн жилийн дундаж температур -50 хэм байдаг. Хамгийн дээд тал нь -90 хэм хүрч байсан тохиолдол бий. Одоо тэнд зуны улирал болж байгаа. Эрэг хавиар нь хүн амьдрах бололцоотой. Далайн уур амьсгалын нөлөөгөөр нартай сайхан өдрүүдэд 0 градус орчим байдаг. Салхи шуурга гарчихвал хүйтэн л дээ. Антарктид өөрөө хүйтэн туйл учраас тэндхийн халуун хүйтний тухай яриад яахав.

-Та өмнө нь хэд хэдэн удаа тийшээ явсан. Анх очиж байснаа бодоход илүү туршлагатай болсон байлгүй?

-Анх ойд төөрсөн сармагчин шиг л явдаг байлаа шүү дээ. Яг тэнд яваад хүрчих онгоц, машин байхг үй. Ертөнцийн нөгөө туйлд 25 мянган км явж хүрнэ гэдэг амаргүй ажил. Гурав, дөрвөн тив дамжиж, таван далай гаталж тэнд хүрдэг. Мэдээж эхэлж байсан үеэ бодоход одоо нэлээд туршлагажсан. Энэ удаа судлаачдын багийг ахалж явсан гэдэг маань миний ажил нэлээд цэгцэрснийг харуулж байгаа болов уу. Цаашдаа Монголоосоо ганцаараа явахгүй. Манай сургуулийн судлаач нар явна. 2011-2012 оны судалгааны жилд дор хаяж гурвуулаа эндээс явахаар төлөвлөж байгаа.

-Тэнд хэдэн орны судалгааны бааз байдаг вэ?

-Одоогоор нийт 34 орны 43 бааз үйл ажиллагаа явуулж байна.

-Антарктидад очиж судалгаа хийнэ гэхээр манайхны зарим нь ач холбогдлыг нь төдийлэн ойлгодоггүй. Эрдэмтэд тэнд судалгаа хийж байгаагийн гол зорилго нь юу вэ?

-Хүн амьдрах орчны л судалгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд тэнд хүн амьдрах нөхцөл бүрдэх нь үү гэдгийг судалж байна гэсэн үг. Ашигт малтмал байна уу, ирээдүйд ашиглаж болох уу, дэлхийн цаг уурын дулаарал юу болох нь вэ гэдгийг мөн судалдаг. Тэнд сонирхсон хүн бүр очих бололцоо бага, судалгааны ажил л хийдэг. Антарктид тив манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Эрэг хавийн далай тэнгист асар их биомасс оршдог. Ашигт малтмалын арвин их нөөцтэй. Тус тивийн газар нутгийн хуваарилалтын төлөөх тэмцэл хэдийнэ эхэлсэн. Хэн тэнд хөл тавьж, баазтай байж, судалгаа хийж, хүмүүсээ ажиллуулж, хөрөнгө зарж чадна, тэр улс ирээдүйд хувь хүртэх боломжтой.

-Монголын цаг агаар тэндхийнхтэй зарим талаараа төстэй гэж та өмнө нь хэлж байсан?

-Яагаад адилхан байдаг вэ гэдэг бол сонирхолтой асуулт л даа. Дэлхийн цаг агаарын дулаарал Монгол оронд ч хамааралтай. Түүний судалж болох хамгийн гол станц Антарктидад л байгаа юм. Тэнд байгаа тэр их мөс дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг бүрдүүлж байна. Дунджаар 3400 метрийн зузаантай, 14.5 сая хавтгай дөрвөлжин км энэ мөс дэлхийг сэрүүцүүлэх хамгийн гол хөргөгч нь болдог.

-Сүүлийн жилүүдэд туйлын мөс хайлж байна гэж ярих болсон?

-Антарктид тивийн мөс хайлаад сүйд болсон юм байхгүй. Харин сүүлийн 100 жилд өмнөд далайн усны температур дунджаар 0.17 градусаар нэмэгдсэн гэж Антарктид судлалын хүрээлэнгийн мэдээлэл гарсан. Үүний нөлөөгөөр өмнөд далайд амьдардаг биомассын амьдрах орчинд өөрчлөлт гарч байна. Ялангуяа крил гэж хавч хэлбэрт биетийн амьдрах орчин сайжирсан учраас их хэмжээгээр үржих нөхцөл нь бүрдсэн. Крилийг идэж амьдардаг төрөл бүрийн далайн хав, цэнхэр халим, оцон шувууд өсөж үржих таатай боломж бий болж байна.

-Дараагийн удаа Антрактид руу та хэзээ явах вэ?

-Энэ оны аравдугаар сард.

Өнөөдөр сонинд гарсан мэдээлэл : http://www.mongolnews.mn/i/26739

Ардын эрх сонин, www.news.mn мэдээллийн сайтад гарсан мэдээлэл :

http://www.news.mn/content/93040.shtml

1 Comment:

Note: Only a member of this blog may post a comment.