+976 ulemj@ulemj.com

Цагдаагаар даажигнасан Японы хакер баригдав

Түгээх
Компьютерийг алсаас удирдах вирус ашиглан, аллага үйлдэх тухай бичлэгийг бусдын өмнөөс хийж интернетэд байрлуулж байсан япон хакер баригдлаа. Түүний бичлэгүүд Америкт байрлах серверээр дамжин хийгдэж байсан учир Японы цагдаагийн байгууллага өнгөрсөн оны сүүлчээр таван мэргэжилтэнг тус улсад илгээж, АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран мөрдлөг хийсэн боловч гэмт хэрэгтний талаар ямар нэгэн ул мөрийг кибер ертөнцөөс олж чадаагүй байна.

Ийнхүү мөрдлөгийн ажил мухардалд орсон тул Японы цагдаагийн газар уг хакерийг баривчлахад туслах баттай мэдээлэл өгсөн хүнд гурван сая иений шагнал өгөхөөр амлав. Харин энэ оны эхний өдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан мэйл гэмт этгээдээс ирсэн байна. Мэйлд хавсралтад байгаа цуврал даалгаврыг биелүүлсэн нэг хүнд  IESys вирусын эх кодыг өгч, өөртэйгээ шууд холбогдох боломжоор хангана, шуугиан тарьсан мэдээлэл хийх боломжийг бүү алдаарай гэсэн байв.

Даалгавар нь Өмнөд Солонгост нэрд гарсан компьютерийн тоглоомын зурагнаас нуугдмал үгийг олж солонгос хэлнээс орчуулан нууц үг болгон ашиглаж зориулалтын программын тусламжтайгаар хэд хэдэн зургийг эвлүүлэх, япон даамны нүүдэл хийх, дууны файлыг урвуу тоглуулан нуугдмал үгийг илрүүлэх гэх мэт хэсгүүдээс бүрдэж байв. Тэдгээрийг бүрэн тайлж уншвал Токио хотын газар нутагт харъяалагдах хамгийн өндөр уулын оргил дээр эх код бүхий флэш дискийг нуусан тухай фото зураг бүхий мэдээлэл гарчээ. Мэдээллийн дагуу цагдаа нар уулын оргилыг шалгаж, заасан цэгт ухаж үзсэн боловч юу ч олдсонгүй.


Нэгдүгээр сарын 5-нд гэмт этгээдээс ирсэн дараагийн мэйлд, нуусан зүйлсийг хэтэрхий гүехэн булсан учир ил гарч салхинд хийсэн алга болсон гээд мөн шинэ даалгавар биелүүлэх тухай бичсэн байв. Энэ удаад Канагава мужын Эно хэмээх арлаас хүзүүвчинд нь мэдээлэл нуусан муурыг олох тухай даалгавар байв. Эно арал нь олон тооны золбин мууртай учир муурны диваажин хэмээн нэрлэгддэг. Мөрдөгч нар арлаас муурыг олж хүзүүвчинд нь нуусан микро SD картыг олов. Мөн ойролцоо байрлуулсан хамгаалалтын камеруудын бичлэгийг давхар шалгаж, мууранд хүзүүвч зүүж буй мотоциклтой эрэгтэйг илрүүлжээ.


Улмаар програм хангамжийн мэргэжилтэй, 30 настай, Катаяма гэгчийг баривчлав. Тэрээр одоогийн байдлаар хэргээ хүлээгээгүй байгаа боловч камерийн бичлэгээс гадна өмнө нь аллагын тухай хийсэн интернетийн бичлэгийн нэгийг өөрийн ажлын газрын компьютерээс хийсэн нь нотлогдоод байна. Хэрэгтэн найман жилийн өмнө нэр бүхий компанийн захирлуудын амь насанд халдах тухай бичлэгийг интернетэд хийсэн хэргээр 1.5 жил хоригдох ял эдэлж байжээ. Тэрээр тухайн үед өөрийгөө хилс хэргээр шийтгэгдсэн хэмээн мэдэгдэж байсан байна.

Сэтгэлзүйчдийн ярьж байгаагаар хэрэгтэн ял эдэлснээр өөрийнх нь амьдралд олон сөрөг өөрчлөлт гарсанд шүүх, цагдаагийн байгууллагыг буруутгаж хорссон, мөн интернетийн ертөнцөд шуугиан тарьж од болохыг хүссэн нь энэ удаагийн хэргийг үйлдэх шалтгаан болжээ. Ийнхүү өөрийн хийсэн хэргийн ул мөрийг чадварлаг нууж цөөнгүй хүмүүсийг хилсээр баривчлуулан, багагүй ажил явдал болгож цагдаагаар хагас жил илүү хугацаанд даажигнаж чадсан хэрэгтэн хакер кибер ертөнцдөө бус, бодит амьдралд хазгай гишгэсэн мөрнөөсөө үүдэн баривчлагдаад байна.

Хэрэв тэрээр ийм алдаа хийгээгүй бол бараг илрэх боломжгүй байсан гэдгийг ч мэргэжилтнүүд нуухгүй байгаа юм. Цагдаагийн байгууллага их хэмжээний шагнал амладаг явдал нь нэг талаас мөрдлөгийг мухардалд оруулсан мэт харагдуулдаг боловч, цаагуураа хэрэгтэнд ялан дийлсэн мэт сэтгэгдэл төрүүлж, иймэрхүү болгоомжгүй алдаа гаргуулах зорилготой байдаг ч байж магадгүй л юм.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com

0 Comment:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.