Imagination is the highest form of research. Albert Einstein

Д.Үлэмж : Хятадын эрчим хүчний үүсвэрийн 81 хувийг хатуу түлш эзэлдэг

Тойм 2013.11.26

ШУТИС-ийн харъяа Эрчим хүчний инженерийн сургуулийн багш, Хойд Хятадын эрчим хүчний их сургуулийн докторант Д.Үлэмжтэй ярилцлаа.

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуульд багшилж байсан хүний хувьд Хятад болон манай орны эрчим хүчний салбарын мэргэжилтэнүүдээ бэлтгэж буй гол  ялгаа юунд байна. Бид ямар түвшинд явж байна вэ?
Манай сургалт дэлхийн олон орны сургуулиудтай өрсөлдөх хэмжээний онолын мэдлэг өгч чаддаг боловч лабораторийн бааз дутмаг, анги танхимийн хүрэлцээ муу, эдийн засгийн бэрхшээлтэй асуудал байнга тулгардаг тул төгсөгчид ажлын байрандаа очоод “дахин суралцах дадлагажих” шаардлагатай болдог. Хятадын хувьд лабораторийн хүрэлцээ хангалттай болохоор толгойн дотор хий “эргэлдээд” байгаа онолыг практикт туршилтаар баталж дадлага туршлага суулгах нь тухайн салбарын мэргэжилтэнг ажлын байранд гараад цаг алдалгүй ажилдаа орох давуу талтай. Манай Монголын Эрчим хүчний сургуулийн бакалаврийн зэргийн сургалтанд үздэг зарим хичээлийг магистр, докторын сургалтандаа судлаж байгаа нь бид докторын зиндааны хичээлийг анги танхим, лаборатор бааз дутмаг улмаас бакалаврийн түвшиний сургалтандаа хичээллүүлдэг. Цаашид бид зөвхөн Орос “школ” гэлтгүй барууны орны заах арга зүйг нутагшуулан эрлийзжүүлж практик мэдлэг, чадварыг суралцаж байгаа оюутнуудад түлхүү эзэмшүүлэх хэрэгтэй.
Дэлхийн хамгийн олон хүн амтай улс эрчим хүчний хэрэглээгээ хэрхэн хангаж байдаг нь сонирхолтой асуудал юм. Энэ салбарын хөгжил нь дэлхийн түвшнээр аль хавьд яваа бол?
1979 оноос эхэлсэн эдийн засгийн өөрчлөлтийн нөлөөгөөр эдүгээ Хятад улс нь дэлхийн 2 дахь том эдийн засгийн чадавхтай орон болон хөгжиж байгаа. Энэхүү өөрчлөлтийн суурь нь мэдээж дэд бүтцийн салбар. Эдийн засгаа өөд нь татах мянга мянган санал санаа дэвшүүлсэн ч эхлээд дэд бүтцийн салбараа дор хаяж 10, 20 жилийн ирээдүйг төлөвлөж хөгжүүлэх учиртай. Энэ талаар жишээ татвал, дөнгөж саяхан эдийн засгийн хүчин чадлаараа АНУ-ын дараа бичигдэж эхэлсэн боловч эрчим хүчний системийн үйлдвэрлэл, хэрэглээгээрээ 1990-д он гэхэд дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч, хэрэглэгч болсон. Хятад улсын эрчим хүчний систем нь 2010-ны байдлаар 987 сая киловаттын (U.S. Energy Information Administion )  суурилагдсан хүчин чадалтай байсан байна. Энэ үзүүлэлт өнөөдрийн байдлаар мэдээж өсөлттэй байгаа. Хятадын эрчим хүчний салбарын цахилгаан станцуудын эрчим хүчний үүсвэрийн 81% нь хатуу түлш, 16% нь ус, мөн атом, нарны эх үүсвэр, шингэн болон хийн түлш тус бүр нэг хувийг эзэлж байна.
Хятадын цахилгаан эрчим хүчний салбарын хөгжилийн цаашдын хандлагыг хэлбэл ?
Дэлхийн эрчим хүчний салбарын 2 дахь том үйлдвэрлэгч, хэрэглэгч Хятад улс мөнөөс мөн боловч тэдэнд хийх олон ажлууд шат дараатай явагдсаар байна. Одоогоор манай дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн дунджаар авч үзвэл нэг хүн жилд 2,5 киловатт цаг эрчим хүч хэрэглэх тооцоолол байдаг бол Хятад улсад нэг хүн жил 1,2 киловатт цаг, АНУ-д нэг хүн жилд 13,1 киловатт цаг эрчим хүч хэрэглэж байгаа. Үүнээс харахад Хятад улсын эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл цаашдын хандлага байнга өсөн нэмэгдэж байх дүр зураг харагдаж байна. Одоогоор нийт үйлдвэрлэлийн 12% орчим хувийг оршин суугчид, хүн ам хэрэглэж байгаа бол 70% гаран хувийг үйлдвэрлэлд ашиглаж байна. Аж үйлдвэрлэл, нийгмийн хөгжлийг зүүн өмнөд зүгээс баруун зүгт чиглүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчний салбар орхигдоогүй нь ойлгомжтой.
Цахилгааны үнийг нь тогтоодог уу?
Эрчим хүч, цахилгааны үнийг төрөөс хатуу хяналттай тогтоохоосоо илүү инфляци болон тухайн газар нутаг, бүс, улирлын онцлог, иргэдийн амжиргааны түвшинд нь тохируулж үнэ тогтоох нь чухал юм шиг санагдсан. Бага болон өндөр хэрэглээтэй айл өрхүүдийг ангилахаас гадна тухайн оршин суугаа газар орон нутгын онцлогт нь тохируулах, ургац хураалтын үе, аж үйлдвэрлэлийн бүс гэх мэт олон үнийн тариф мөрдөгдөж байна. Манай улсын уул уурхайн компаниуд алт, зэс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн жишигт нийцсэн үнээр арилждаг тул үүндээ нийцсэн үнээр эрчим хүчний төлбөр тооцоогоо хийж байх нь зүйд нийцүүштэй.
Цахилгааны үнээ чөлөөлөх ямар алхмууд хийгдэж байна?
Хятад улс нь манайх шиг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан саяхан. 1979 зах зээлийн эдийн засагт шилжихийн хажуугаар эрчим хүчний системийн шинэчлэлээ орхигдуулаагүй. Эрчим хүчний бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх ойлголт нь угтаа тухайн салбарыг шинэчлэх ойлголт юм. Мэдээж цар хүрээ ихтэй эрчим хүчний салбар нь стратегийн чухал салбар учир шинэчлэлийг “нэг амьсгаагаар” хийчихгүй нь тодорхой. Тухайн салбарт хувийн хэвшлийнхэний хөрөнгө оруулалтыг аажим нэмэгдүүлэх замаар төр өөрийн ачаанаасаа “хөнгөлөх” нь хамгийн зөв алхам гэж харах ёстой. 1985 оноос аажим өөрчлөлт шинэчлэлийг шат дараатай хийж байгаа. Тухайн шинэчлэлүүдийн хүрээнд явагдсан нэг арга хэмжээ гэвэл одоогийн байдлаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт 17% болж өссөн үзүүлэлт юм. 
ЭХ СУРВАЛЖ "Үндэстний Тойм" сэтгүүл №47(198)