+976 ulemj@ulemj.com

Нацистуудын ашиглаж чадаагүй шилдэг 10 зэвсэг

Түгээх
Төсөөлөн бодож үзье. Дэлхийн II дайны үед Германы зэвсэгт хүчин өшөө авагч алсын тусгалтай пуужин V-2 олон тоогоор үйлдвэрлэн New York, London хотуудыг мөн холбоотны цэргийн хүчний бөөгнөрөл дунд бөмбөгдсөн бол, дайны үйл ажиллагаа явагдаж байгаа бүх фронтод дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт сөнөөгч онгоц ашиглаж чадсан бол, далайн тулаанд тийрэлтэт хөдөлгүүрт сөнөөгч онгоц тээвэрлэгч усан онгоц ашиглаж чадсан бол, АК-47 автомат винтов үйлдвэрлэгдэж эхлээгүй байхад бүтээгдсэн автомат винтов ашиглаж эхлэсэн бол дэлхийн II дайн хэрхэн төгсөх байсан бол?
Нацистууд улс төр суртал ухуулгын ажилдаа анхаарахын зэрэгцээ шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтуудыг өөрийн зэвсэгт хүчиндээ ашиглахыг ихэд хүсэн асар их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байж. Ингээд дэлхийн II дайны дуусах тэрхүү саруудад Wehrmacht-ийн дайчид ашиглаж чадаагүй Германы эрдэмтэн судлаачид, инженерүүдийн бүтээж байсан байлдааны зэвсэглэлүүдийг таницуулъя.

10. Атомын бөмбөг

Дэлхийн II дайн эхлэхээс өмнөх жилүүдэд дан ганц Америкчууд уран боловсруулах, эрчим хүч гарган авах, зэвсэглэлд ашиглах талаар төсөөлөн судалгаа шинжилгээ хийж байсан гэвэл дэндүү өрөөсгөл зүйл болох байх. Хэрвээ Гитлерт атомын бөмбөг байсан бол одоо дэлхийн улс төрийн байдал ямархуу байдалтай байх байсан бол. Германы эрдэмтэд энэ төрлийн судалгаа хийж байсан нь тодорхой боловч атомын бөмбөг зохион бүтээх судалгааны ажил хийгдэж байсан эсэхээр тодорхой баримт байдаггүй. Холбоотны нисэх хүчин Германы судалгаа шинжилгээний нууц лаборатор байрлаж байсан хотуудад хүчтэй цохилт өгч байсан учираас баримт материалууд устаж алга болсон хэмээн ихэнх түүхчид үздэг.

9. Fa 223 нисдэг тэрэг
Дайны өмнө 1930 оны үеэс Германы инженерүүд нисдэг тэрэг хийж туршин нисгэж байсан байна. Тэдний нэг нь The Focke Achgelis Fa 223 нисдэг тэрэг юм. Нисдэг тэргийг ачаа тээврийн болон тусгай даалгавар гүйцэтгэх тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагаа гүйцэтгэх цэргүүдийг дайсны ард буулгах зориулалтаар бүтээн боловсронгуй болгож байж. Нисдэг тэрэг нь автомат винтов, 2 ширхэг 250 кг-ын жинтэй тэсрэх бөмбөгөөр тоноглогдсон цагт 180 км хурдлах чадвартай. Италын фашист Мусоллиниг аврах тусгай ажиллагаанд уг нисдэг тэргийг ашиглаж байжээ.


8. Heinkel He-100

1939 оны хавар Германы нисэх хүчний нисгэгч Hans Dieterle нисэх хүчний түүхэнд 700 км/цаг хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Дээд амжилтыг тогтооход нислэг хийсэн онгоц нь Heinkel He-100 сөнөөгч онгоц байлаа. Нацист намын гишүүн нисэх онгоцны загвар зохион бүтээгч инженер Ernst Heinkel-ийн зохион бүтээсэн He-100 сөнөөгч онгоцыг дайны жилүүдэд хэзээ ч олон тоогоор үйлдвэрлэж байгаагүй юм. Германы нисэх хүчины үндсэн зэвсэглэлд Messerschmitt BF-109 сөнөөгч онгоц ашиглагдаж байжээ. Хожим Японы эзэн хааны нисэх хүчнийхэн He-100 сөнөөгч онгоцноос санаа аван Kawasaki Ki-61 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэн байлдааны ажиллагаанд ашигласан байна. He-100 сөнөөгч онгоц нь хурдтай, богино эргэлт хийдэг, буудлагын хол тусгалтай гэх мэт олон давуу талтай байсан боловч нисэх хүчний тулаанд хэзээ ч ашиглагдаагүй юм.


7. XXI U шумбагч онгоц
XXI U шумбагч онгоц нь анхны байлдааны ажиллагааны үед гүн шумбалт хийж чаддаг хөдөлгүүрийн буу чимээ багатай, торпедоо хурдан цэнэглэж дайсны байрлалыг илрүүлэх шинэ радарын системээр тоноглогдсон онгоц байжээ. Дайны төгсгөл үеэр Германы тэнгисийн цэргийн зэвсэглэлд 118 ширхэг үйлдвэрлэгдэн ирсэн боловч ердөө 4 байлдааны ажиллагаанд оролцсоны дараагаар холбоотны цэргийнхэн олзлогдсон байна. Энэхүү шумбагч онгоцны дэвшилтэт давуу тал нь далайн гүнд дээд тал нь 3 хоног байлдааны горимд ажиллаж чаддагаараа гайхагдаж байжээ.

6. Junkers Ju-290 стратегийн бөмбөгдөгч
1930-1940 оны хооронд Америк, Англи болон Германы нисэх хүчнийхэн хол зам туулж чадах олон тооны тэсрэх бөмбөг тээвэрлэх стратегийн бөмбөгдөгч онгоцтой болох талаар хүчин чармайлт гарган ажиллаж эхлэсэн байна. Германы Junkers Ju-290 бөмбөгдөгч онгоц нь 4 хөдөлгүүртэй 440 км/цаг хурдлаж 3 тонн тэсрэх бөмбөг тээвэрлэх зориулалттай байж. Ju-290 бөмбөгдөгч онгоцыг New York-ыг бөмбөгдөх ажиллагааны нэгэн хэсэг болон бэлтгэгдэж байсан. Дайны жилүүдэд нийт 65 ширхэг үйлдвэрлэгдсэн боловч цөөн тооны байлдааны ажиллагаанд оролцсон байна.


5. Heinkel He-219 “Шар шувуу” шөнийн тулаанч

Инженер Ernst Neinkel-ийн бүтээсэн шөнийн цагаар тулалдаанд оролцох боломжтой радарын системээр тоноглогдсон сөнөөгч онгоц He-219-ыг 500 ширхэг үйлдвэрлэсэн байна. Шөний тулалдааны үеэр энэхүү онгоцноос сайн онгоц дайны жилүүдэд үйлдвэрлэгдэж зохион бүтээгдэж байгаагүй байна. Германы дээд командлал Ju-290 стратегийн бөмбөгдөгч онгоцонд ихээхэн ач холбогдол өгөн He-219 шөнийн тулаанчыг олон тоогоор үйлдвэрлээгүй байна.



4. Graf Zeppelin нисэх онгоц тээвэрлэгч
Германы тэнгисийн цэргийнхэн дайны туршид далайн гадаргууд байлдааны ажиллагаа явуулдах зэвсэглэлд төдийлөн анхаарал хандуулж байсангүй. Тэнгисийн цэргийн адмирал Karl Doenitz тэнгисийн тулаанд U шумбагч онгоцыг түлхүү ашиглаж дайсны усан тээвэр, цэргийн цуваануудад цохилт өгөх тактикаар ажиллаж байсан. Гитлерийн тушаалаар 1936 оноос эхлэн сөнөөгч онгоц тээвэрлэгч гүн Zeppelin-ийг үйлдвэрлэх ажиллагаа эхлэсэн байна. Нийт 33500 тонны багтаамжтай 65 км/цаг хурдтай, нийт 1720 багийн гишүүдтэй, 30 сөнөөгч онгоц 12 бөмбөгдөгч онгоц тээвэрлэх хүчин чадалтай уг усан онгоцыг дайны туршид төдийлөн ашиглаж чадаагүй гэж хэлж болно. Хожим 1947 онд уг онгоц мөнхийн зогсоол болох далайн ёроолд живсэн юм. Саяхан 2006 онд Польшийн газрын тосны компани далайн гүнд өрөмдлөгө хийж байхдаа гүн Zeppelin-ийг олсон байна.










3. V-2 алсын тусгалтай пуужин



Балтын тэнгисийн эрэг дээр байрлах Германы Peenemünde алсын тусгалтай пуужингийн судалгааны төвийн захирал доктор Вернер Фон Брауны бүтээл өшөө авагч пуужин V-2 нь 320 км зайд байрлах объектод цохилт өгөх чадалтай бүтээгдсэн. Фон Браун нь Нацист намд тулган шаардалтаар элсэж судалгааны төвийн захиралаар ажиллаж байсан бөгөөд хожим дайны дараа Америкт олзлогдон NASA-д хүчин зүтгэж байсан суут инженер байсан юм. Тэрээр шингэн түлшээр ажиллах тийрэлтэт пуужингийн төсөл дээр олон жил ажилласан бөгөөд түүний бүтээл бодит биелэлээ олоход дөнгөж 31 настай байсан юм. Улмаар Фон Брауны бүтээлийг Гитлер туршилтын үеэр үзэж сонирхоод дайнд ялалт байгуулах боломжтой юм хэмээн хөөрцөглөж байсан гэдэг. V-2 пуужингаар Лондон хотыг бөмбөгдөж байсан юм. V-2 пуужингийн төслийг хуулбарлан Орос, Америкийн инженерүүд алсын тусгалтай пуужин, цөмийн бөмбөг тээвэрлэгч пуужин зохион бүтээж байсан. Хэрвээ дэлхийн II дайны дунд үед өшөө авагч пуужин бүрэн төгс ажиллаж эхлэсэн бол дайны үйл явцыг орвонгоор нь эргүүлж чадахаар байсан юм.



2. Sturmgewehr StG-44 автомат винтов

Хэрвээ Германы армийн явган цэргийн зэвсэглэлд энэхүү автомат ажиллагаатай StG-44 винтов эртхэн ашиглагдаж эхлэсэн бол дайны ажиллагаанд нөлөөлж болох л байсан байх. 1942 оноос эхлэн Германы зэвсэгт хүчний даалгавараар 1942 оноос эхлэх эрдэмтэд судалгаа хийж 1944 он гэхэд үйлдвэрлэж эхлэсэн энэ автомат винтовыг 500 гаруй мянган ширхэг үйлдвэрлэж чадсан байна.


1. Messerschmitt Me-262 “Хараацай”

Дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт сөнөөгч онгоцыг дайны төгсгөл үед Германы инженерүүд зохион бүтээж чадсан. Дайны сүүлчийн сарууд гэхэд нийт 1600 гаруй Me-262 үйлдвэрлэгдэж нисэх хүчинд шилжүүлэн өгсөн боловч дайны үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй юм. Учир нь холбоотны болон Оросын цэргүүд өргөн фронтоор давшилт хийн Германы эзэн улсын газар нутагт хэдийнээ ороод ирчихсэн үе байсан юм.


1 Comment:

  1. Ёстой гоё мэдээ байна

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.