+976 ulemj@ulemj.com

Дэлхийг гайхшруулсан 108 минут

Түгээх


Дэлхийг гайхшруулах 108 минутын оршил

Хүн төрлөхтөний оюун ухааны төсөөлөлд сансар огторгуйг эзэмших, судлан нээх ажил нь биелэгдэшгүй мөрөөдөл байсан билээ. Энэхүү биелэгдэшгүй мөрөөдлийг бодит үйл хэрэг болгосон Зөвлөлт холбоот улсын ардын дайсан хэмээн ял эдлэж байсан инженер зохион бүтээгч Сергей Павлович Королёв, Гитлерийн Германы Пуужин судалгааны төвийн захирал асан, хожимоо Америкийн нэгдсэн улсын сансар судлалын төвийн инженер Вернер Фон Браун хоёр билээ. Дэлхийн II дайны төгсгөл үеэст Америкийн нэгдсэн улс Японы газар нутаг дээр атомын бөмбөг дэлбэлсэнээр дэлхий дахин капиталист, коммунист гэсэн хоёр улс төрийн системд хуваагдан хүйтэн дайны үе эхлэсэн юм. Хүйтэн дайны жилүүдэд аль аль тал нь зэвсэглэлээр ширүүхэн хөөцөлдөж бие биеэндээ мөчөөгөө өгөхгүй шазуур зуухын хэрээр техник технологийн хөгжил хурдацтай хөгжиж байсан юм. Хурдацтай хөгжиж байсан салбаруудын нэгэнд зүй ёсоор атомын бөмбөг тив алгасан тээвэрлэгч пуужин, сансар судлалын салбар билээ. Инженер Королёв, Фон Браун хоёрын мөрөөдөл нь хязгааргүй уудамд үргэлжлэх сансар огторгуйг танин мэдэх, гариг эрхэсийг зайнаас болон орчноос нь тандан судлах байсан юм. Энэхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд эдгээр эрдэмтэн инженерүүд шат дараатайгаар атомын бөмбөг тээвэрлэх хүчин чадалтай тив алгасагч пуужингийн төсөл /1949 он/, дэлхийн тойрог замд хиймэл дагуул хөөргөх төсөл /1957 он/ хэрэгжүүлсэн билээ. Улмаар хүйтэн дайны үеийн улс төрчдын хийрхэл солиоролын үр дүнд тэд сансарт хүн нисгэх төслийн ажилдаа ханцуй шамлан орсон юм. Тухайн үедээ нууцын зэрэглэлд хамаарагдан олны өмнө ил гарах хориотой байсан энэхүү хоёр инженерийг мартаж болохгүй билээ.


Дэлхийг гайхшруулах 108 минутын хийрхэл & Хороший советский собака
Зөвлөлт холбоот улсын улс төрийн товчооны дарга Никита Хрущев Америкийн нэгдсэн улсад айлчлал хийгээд ирэхдээ тэнд үзсэн харсан зүйлдээ хэзээ ч үнэмшээгүй гэдэг. Нэгэн их сургуултай танилцаад явж байхдаа гадаа эгнэж зогсох машинуудыг харчихаад бид ийм олон машинаар явж байгаа юмуу гэхэд хариуд нь үгүй ноён Хрущев энэ манай оюутануудын машин гэж хэлсэн гэдэг. Никита Хрущев Америк дахь айлчлалаа өндөрлөж эх нутагтаа ирээд намын төв хорооны хурал дээр ихээхэн уурсан бухимдаж 10 жилийн дотор Америкийг эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны салбарт гүйцэж түрүүлнэ гэсэн бардам ажлынхаа хүрээнд сансар судлалыг ч орхигдуулаагүй ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах шийдвэр гаргасан юм.
1950 оноос эхлэн Зөвлөлт холбоот улсын цэргийн хээрийн сургуулилт хийдэг байсан нууцлагдмал Капустин Яртад сансарт амьд амьтан тэр дундаа нохой нисгэхээр зорилт тавьж туршилт судалгааны ажил эхэлсэн. Сонгон авсан 6 кг-аас багагүй, 35 см урттай нохойнуудад шүхрээр буулгах, чичиргээнд тэсвэрлэх чадамж, өндөр даралттай орчин биеийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах зэрэг олон тооны туршилт судалгаа хийсэн юм. 1951-ээс 1962 он хүртэлх хугацаанд энэхүү нууц хээрийн сургуулилтын талбайд 29 нисгэгч нохой бэлтгэгдэн туршилтанд орж байжээ. 1960 оны 6-р сарын 28-нд Чайка, Лисичка хоёр нисгэгч нохой Восток 8к72 хөлгөөр нислэгт гарсан боловч 28 секундын дараа агаарт дэлбэрч амь эрсэдсэн юм.

Чайка, Лисичка хоёр

Улмаар Сергей Королёв шаргуу ажилласаны үр дүнд 1960 оны 8-р сарын 19-ны өдөр Белка, Стрелка хоёр нисгэгч нохойг Спутник-5 сансарын хөлгөөр ансарт хөөргөсөн юм. Хамгийн гайхалтай нь тэд эх дэлхийдээ эсэн мэнд газардаж сансарт 25 цагийг өнгөрөөж дэлхийд хамгийн алдартай сансарын нисгэгч нохой болсон юм. Энэ үед Америкийн нэгдсэн улсын амьтаны эрх хамгаалах нийгэмлэгийнхэн "яагаад заавал нохой гэж тэд чинь өхөөрдөм амьтад шүү дээ заавал сансарт амьд амьтан нисгэх шаардлагатай байсан юм бол манайхаас харуудыг авахгүй яасан юм бэ" хэмээн атаархалын шуугиан дэгдээж байлаа. Оросууд биднийг сансараас чагнаж байсан бол одоо харж чадахаар боллоо гэлцэж байжээ.
Белка, Стрелка хоёр

Дэлхийг гайхшруулах 108 минутын эзэн
Сергей Королёвын төсөлүүд урагшлахын хэрээр тэд өмнө асар том зорилт тавин ажиллаж байлаа. 1959 он гэхэд тэд сансарт анхны хүн нисгэх төсөлдөө орсон бөгөөд эхний ээлжинд нисгэгчийг сонгон шалгаруулж бэлтгэх ажил байлаа. Маш нууцын зэрэглэлтэй Восток хөлгийн нисгэгчдыг сонгон шалгаруулалтанд Зөвлөлт холбоот улсын агаарын нисэх хүчний бие бүрэлдэхүүнээс оролцуулсан юм. Сонгон шалгаруулалтанд оролцогчдыг 2 шалгуураар тэнцүүлж байв.
  1. Жинхэнэ "советского человек" байх ёстой. Тодруулбал тариачин гаралтай, ёс суртахууны доголдолгүй, улс төрийн суртал ухуулганд идэвхитэй оролцогч.
  2. Өв тэгш бие бялдартай байх.
Энэ хоёр шалгуурыг давсан нисгэгчдээс Восток хөлгийн бие бүрэлдэхүүнд 6 сөнөөгч онгоцны нисгэгч тэнцсэн юм.
Зураг дээр Зөвлөлтийн анхны сансарын нисгэгч бэлтгэх төслийн сургагч багш Евгений Анатольевич Карпов сонгон шалгаруулалтанд тэнцсэн 6 нисгэгчийн хамт. Зүүн гар талаас:

1.
Г. Нелюбов,
2. А. Николаев
3. П. Попович
4. Е. А. Карпов
5. Ю. Гагарин
6. В. Быковский
7. Г. Титов




1961 оны 3-р сарын 15-ны байдлаар бэлтгэгдэж байсан 6 нисгэгчээс эхний ээлжинд нисэх сансарын нисгэгчдээр Гагарин, Титов болон Нелюбов нарыг сонгон авсан байв. Энэ үед буюу 1961 оны 3-р сарын 25-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Тагнуулын албаныхан (CIA) сансараас Орос хүний дуулах дууг сонссон хэмээн мэдэгдэж байв. Энэ явдалыг сансарт анхны хүн нисгэх Зөвлөлтын бүтэлгүй оролдлого байсан хэмээн баттай хэлдэг боловч хэн ниссэн юм бэ? хэмээх асуудал одоог хүртэл нууцлагдсан хэвээр байгаа билээ. 1961 оны 4-р сарын 10-ны байдлаар Восток хөлгөөр нисэх хөлгийн үндсэн нисгэгчээ Титов, орлон нисгэгчээр Гагарин сонгогдсон байлаа. Гэвч эцсийн мөчид Ю.Гагарин Восток-1 сансарын хөлгөөр сансарт нисэх хүнээр тодорсон юм. Баттай бус эх сурвалжаар бол тэрээр Титовоос намхан тул Восток-1 хөлгийн бүхээг дотор төвөггүй чөлөөтэй суух давуу талтай байсан хэмээн ярилцдаг билээ. (Гагарин 157 см, Титов 182 см өндөртэй байжээ)

Дэлхийг гайхшруулсан 108 минут & Поехали

Цаг болжээ. 1961 оны 4-р сарын 12-ны өдөр Юрий Гагарин Восток-1 сансарын хөлгөөр хөөрөлт хийхээр болж сансарын буудалд бэлэн байдалтай ирлээ. Сергей Королёв өмнөх нислэгүүдийн үр дүнгээс дүгнэлт хийн энэхүү нислэгт Гагарины амьд үлдэх боломж маш бага байгаа хэмээн бодож байсан юм. Юрий Гагарин хүн төрлөхтөний түүхэнд нэрээ үлдээх түүхэн даалгавар биелүүлэхээр Восток-1 хөлгийн бүхээгт суухдаа "Я все равно вернусь, друзья мои" хэмээн хэлсэн юм. Сансарын станцын бэлтгэл ажил дуусан Гагариныг хөлөгт суулган нисгэх агшинд тэрээр эх дэлхий дээрх сүүлчийн үгээ хэлсэн юм.

1961 оны 4-р сарын 12-ны өдрийн өглөөний 9 цаг 6 минут " Поехали..."

Таван минутын дараа хүн төрлөхтөний түүхэнд Юрий Гагарин эх дэлхийг сансараас харсан хамгийн анхны хүн болсон юм. Би дэлхийг харж байна, гол уул нуруудыг харж байна, бүх юм цэвэрхэн харагдаж байна хэмээн хэлжээ. Найман минутын дараа Гагарин жингүүдлийн байдалд орсон бол дөчин минутын дараа гүн нойрондоо автаж буй Америкчуудын дээгүүр нисэн өнгөрсөн юм. Нислэг эхлэсэнээс хойш 60 минутын дараа Гагариныг дэлхийд буцаан авчирах ажиллагаа эхлэж Восток хөлгийн капсулыг тойрог замаас гарах тийрэлтэт хөдөлгүүрийн ажилд залгасан юм. Байконурын сансарын буудлын удирдлагын өрөөнд байсан бүх хүн итгэл найдвар өвөрлөн чив чимээгүй радио холбоо орж ирэхийг хүлээн зогсоно. Саратов мужийн Сталинград хотоос 110 км зайд орших агаарын эсэргүүцэх цэргийн анги нэгтгэлийн радарт үл мэдэгдэх биет ойртон ирж байгааг мэдээлсэн байна. Энэхүү үл танигдах нисдэг биетэд сууж яваа үл таних хүн нь сансарт 108 минут ниссэн зоригт сансарын нисгэгч Юрий Алексеевич Гагарин байлаа. Түүнийг эх дэлхийдээ газардахад хамгийн анх уулзсан хүмүүс нь хамтралын ажилчин эмэгтэй Анна Акимовна Тахтарова болон түүний 6 настай зээ охин Рита нар байсан юм. Агаарын эсэргүүцэх цэргийн ангийн хүрэлцэн ирсэн нөхдөд хандан дараах мэдээллийг дамжуулж өгнө үү хэмээн хэлсэн гэдэг.

задачу выполнил, приземлился в заданном районе, чувствую себя хорошо, ушибов и поломок нет. Гагарин


Юрий Гагарины сансарт ниссэн Восток-1 хөлгийн капсул

ЖИЧ: Өнөөдөр сансар огторгуйд хүн ниссэний 50 жилийн ой болж байгаа билээ. Энэхүү түүхэн өдрийг дэлхийн олон орны сансар судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилчид, сансарын нисгэгч нар бахархалтайгаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.


Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан гарсан First Orbit баримтат киног тухлан сууж үзнэ үү:) Мөн тухайн үед ямархуу нөхцөл байдлаар энэхүү асар том төсөл хэрэгжиж байсныг Space race баримтат киноноос үзэж болно.







3 Comment:

Note: Only a member of this blog may post a comment.